Арвайхээр сумын улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын удирдагч КИМ ИР СЕН-ний нэрэмжит болж найрамдлын харилцаа тогтоосны 25 жилийн ой, тус цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хонг Кюу тэргүүтэй зочид төлөөлөгчид манай аймагт ажиллав. Энэ үеэр Элчин сайд Хонг Кюу тэргүүтэй зочид төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Г.Ганболд хүлээн авч уулзлаа.
Талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс хоорондах дүүгийн харьцаатай тэрдундаа Өвөрхангай аймгийн хувьд БНАСАУ-ын агуу удирдагч КИМ ИР СЕН-ний нэрэмжит улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгээр дамжуулан найрамдлын холбоог бататгаж буйг онцолж байв. Цаашид Өвөрхангай аймаг БНАСАУ-ын хооронд эрүүл мэнд, спорт, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар хоёр тал санал солилцлоо.
КИМ ИР СЕН-ний нэрэмжит улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн түүхт ой тохиож байгаатай холбогдуулан тус цэцэрлэгт их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг орон нутгаас гаргаж, ажиллах хүчийг БНАСАУ-ын Элчин сайдын яам хангаж өгөхөөр боллоо.