• Албан ёсны цахим хуудас
Найрамдалт хамтын ажиллагаатай ОХУ-ын Алтайн хязгаарын Алейск хотод Арвайхээр хотын төлөөлөгчид албан ёсны айлчлал хийлээ.

Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч А.Ишдорж, Тамгын газрын дарга В.Шоовдор, аймгийн Музейн захирал Б.Баатар, аймгийн ХДТеатрын дарга, аймгийн ИТХурлын төлөөлөгч Д.Түмэнжаргал, аймгийн ХДТеатрын хөгжимчин О.Нармандах, дуучин Б.Ганбаатар, гоцлол дуучин Х.Хишигцогцол, бүжигчин О.Аззаяа, ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш, сумын ИТХурлын төлөөлөгч Б.Мөнхцоож, гадаад хэлний багш Д.Оюунчимэг, 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Өөдөс, “Алтан ёндой” ХХК-ны захирал Ж.Батчулуун нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг 2012 оны 03 дугаар сарын 23-наас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд ОХУ-ын Алтайн хязгаарын Алейск хотноо дараах чиглэлээр албан ёсны айлчлал хийгээд ирлээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, ОХУ-ын Алтайн хязгаарын Алейск хотын удирдлагуудын 2006 онд анх байгуулсан ах дүү хотуудын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монголын соёлын өдрүүдийн Алейск хотноо болон ойролцоох тосгон сууринд зохион байгуулах, гэрээ хэлэлцээрийн зарим зүйл заалтыг тодотгож шинэчлэн батлах, музей, номын сан, соёл урлагийн байгууллага, шефийн харилцаатай хүүхдийн цэцэрлэгүүд, ЕБСургуулиудын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох, ОХУ-ын Алейск хотод үйл ажиллагаа явуулдаг Алейскзернопродукт үйлдвэрийн нэрийн барааны болон оросын бараа бүтээгдэхүүний дэлгүүр, худалдааны төвийг Арвайхээр хотод байгуулах талаар хэлэлцээр хийх зэрэг ажлыг гүйцэтгэлээ.
1.    Монголын соёлын өдрүүдийн Алейск хотноо болон ойролцоох тосгон сууринд зохион байгуулах ажлыг 03 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулан урлагийн нэгдсэн тоглолтыг нийтдээ 4 удаа хийлээ. ОХУ-ын Алтайн хязгаарын Алейск хотын соёлын ордон, театр, Муринский, Петропавловск гэсэн 2 тосгонд амжилттай зохион байгуулж, Монгол үндэсний дуу, бүжгийн гайхамшгийг танилцууллаа.
2.    Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, ОХУ-ын Алтайн хязгаарын Алейск хотын удирдлагуудын 2006 онд анх байгуулсан ах дүү хотуудын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн зарим зүйл заалтад Залуучуудын холбооны төлөөлөгчдийг солилцох, хөл бөмбөгийн багш, дасгалжуулагч солилцох, орос нэрийн барааны дэлгүүр нээн ажиллуулах боломжийг нээх, ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн багш, арга зүйч, ТИСургуульд техникийн чиглэлийн багш солилцон ажиллах зэргийн асуудлуудыг тодотгож, ОХУ-ын Алтайн хязгаарын Алейск хотын дарга                                                                                 Мерзликин Александр Михаиловичтай гэрээг шинэчлэн баталлаа.
3.    Алейск хотын төв музей, номын сан, соёл урлагийн байгууллага, шефийн харилцаатай 2 дугаар болон бусад хүүхдийн цэцэрлэгүүд, ЕБСургуулиудын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулан аймгийн Музейн захирал Б.Баатар, аймгийн ХДТеатрын дарга Д.Түмэнжаргал, ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш, сумын ИТХурлын төлөөлөгч Б.Мөнхцоож, гадаад хэлний багш Д.Оюунчимэг, 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Өөдөс нар идэвхтэй оролцлоо.
4.    Алейск хотод үйл ажиллагаа явуулдаг, ОХУ-ын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 25 хувийг дангаараа үйлдвэрлэдэг, Монгол, Солонгос, Индонез улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг С.Н.Старовойтовын нэрэмжит Алейскзернопродукт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрийн нэрийн барааны (гурил, бүх төрлийн будаа, гоймон, хүнсний нэмэлт тэжээл, тэжээвэр амьтны хоол зэрэг) болон оросын бараа бүтээгдэхүүний дэлгүүр, худалдааны төвийг Арвайхээр хотод байгуулах талаар хэлэлцээр хийх ажлыг ОХУ-ын Алтайн хязгаарын Монгол дахь суурин төлөөлөгч М.С.Шабановын дэмжлэгтэйгээр “Алтан ёндой” ХХК-ны захирал Ж.Батчулуунтай хийлээ. Эх сурвалж - www.arvaikheer.mn

 

 

2012-04-17 12:25:43