• Албан ёсны цахим хуудас
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн анх удаа орон нутагт боллоо

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн энэ сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт зохион байгуулагдлаа. 

Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Өвөрхангай аймгийн удирдлагууд, Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын төлөөлөл, Төрийн орон сууцны корпораци болон Барилгын хөгжлийн төвийн төлөөлөл, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар болон Ерөнхий архитекторууд, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Хот төлөвлөлт, судалгааны институт, Газар зохион байгуулалтын албаны төлөөлөл болон дүүргүүдийн газар зохион байгуулалтын албаны дарга нар оролцов. 

Зөвлөгөөнөөр салбар яамнаас Газрын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын хүрээнд хуулийн төсөлтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төсөлтэй холбоотойгоор одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд тулгамдаж буй асуудлууд болон шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд шийдвэрлэх асуудал, саналыг гаргасан идэвхтэй хэлэлцүүлэг болсон юм. Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөөнд Газрын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. 

Зөвлөгөөний үеэр Барилга, хот багуулалтын сайд Б.Мөнхбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, оролцогчидтой санал солилцон ирэх жилүүдэд газрын харилцааг бодлого эрхзүйн хувьд өөрчилж шинэчлэхэд гол анхаарлаа хандуулж, цаашид газар ашиглалт хамгаалалт болон  иргэд газар өмчлөхтэй холбоотой бодлогын томоохон өөрчлөлтыг гаргана гэдгийг хэлж байв. 

"Өвөрхангай аймаг хот төлөвлөлтөө сайн хийж, иргэдийнхээ амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа" хэмээн Барилга хот байгуулалтын сайд зөвлөгөөний үеэр онцолж, энэ хүрээнд тус аймгаас туршлага судлуулахаар энэ удаагийн зөвлөгөөнийг Өвөрхангай аймагт зохион байгуулж байна хэмээв. 


Манай аймагт 2008 оноос хойш 2000 орчим айлын орон сууц баригдсаны 1000 орчим нь сүүлийн гурван жилд баригдсан байна.

 

 

 

2020-08-25 17:50:07