Өвөрхангай аймгаас ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Франц, Канад, Итали зэрэг улс оронтой найрамдлын гэрээ байгуулан хамтран ажилладаг. ОХУ-ын Алтай хязгаар Барнаваль мужийн Алески хот, Япон улсын Окаяма мужийн Шёо-Оу-Чу хоттой боловсрол, соёл, нийгмийн салбарт, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын Хараат эмнэлэг болон Франц, Итали, Герман улсуудтай эрүүл мэндийн чиглэлээр олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулаад байна.
Мөн Францын Аллери мужийн APAU нийгэмлэг, БНСУ-ын Гүмми хотын “Шинэ тосгон хөдөлгөөн”, Хонбиоп-Са байгууллага,Донггук их сургууль, Химбуб хийд, АНУ-ын САУОНСАН-ын сангийн дэмжлэг, тусламжаар хөрөнгө оруулалт, техник, тоног төхөөрөмжүүдийг өнгөрсөн жилүүдийн турш нийлүүлсэн.
Цаашид аймгийн гадаад харилцааг хөгжүүлж, салбар бүрт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээрхи улс орнуудад мэргэжилтэй ажилчны үйлдвэрлэлийн дадлагыг жилд 5-аас доошгүй салбарт хийлгэх, бизнесийг хөгжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, орон нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг татсан иргэдийг урамшуулах, Өвөрмонголын өөртөө засах оронд аймгийн төлөөлөгчийг ажиллуулах зэрэг зорилтот арга хэмжээг аймгийн бодлогын баримт бичгүүдэд тусгаад байна.
Өнгөрсөн сард аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн Турк улсад албан айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр агаарын бохирдлыг бууруулахад голлох нөлөө бүхий утаа бага гаргадаг зуухны үйлдвэрээр орж, техник технологитой нь танилцан хувийн орон сууц барих технологи, хөдөө аж ахуй, арьс ширний тоног төхөөрөмжийг үзэж, Өвөрхангай аймагт хэрэгжүүлэх боломжтой бүх талын туршлагыг судласан юм.
Одоогоор БНХАУ-ын Ниншя Хуйн өөртөө засах оронтой хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар бэлтгэж байна. Тус муж нь Хятадын баруун хэсгийн Шар тэнгисийн эх хавиар байрладаг ба цай, чавга, крахамал, вино, хөнгөн цагаан, холимог металл зэргийг үйлдвэрлэдэг аж. Тус улсын Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид өнгөрсөн онд манай аймагт айлчилж, Бүгд хурлын зар, урилгыг гардуулж байсан юм.