ОХУ-ын Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургуулийн салбарыг Өвөрхангай аймагт байгуулах талаар яриа хэлэлцээрийг хийж байна. Энэ хүрээнд тус сургуулийн Стратеги хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал Озерова Мариа Георгиевна, Элсэлтийн комиссын дарга Алексей Владимирович нар аймгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, санал солилцлоо. “ОХУ-д хөдөө аж ахуйн чиглэлийн 52 сургууль байдгаас Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургууль нь 11-т эрэмбэлэгддэг ба хөдөө аж ахуйн 30 гаруй мэргэжлээс гадна хууль, эдийн засгийн чиглэлээр аспирантур хүртэлх мэргэжилтэн бэлддэг, 300-аад багш, 10 мянга гаруй оюутантай, тэдгээрийн дотор зургаан монгол оюутан бий” хэмээн М.Г.Озерова хэлэв. Өвөрхангай аймагт салбар сургуулийг байгуулахын тулд багшлах боловсон хүчин, байр, анги танхим, техник тоног төхөөрөмж, сурагчдын хүртээмж зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно. Энэ нь Красноярск хот, Өвөрхангай аймгийн хооронд төдийгүй хоёр улсын хэмжээнд яригдах томоохон ажил гэдгийг уулзалтаар онцоллоо. Тиймээс эхний ээлжинд агро анги болон орос хэлний төв байгуулах, мөн 2+2 хөтөлбөр буюу оюутнууд хоёр жил аймагтаа суралцаад сүүлийн хоёр жилийг Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургуульд суралцан мэргэжлийн дипломоо хамгаалах нь зөв хэмээн үзсэн юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг сурган мэргэжил дээшлүүлэх боломж нээлттэй, үүний тулд хэлний зохих мэдлэгтэй байх нь чухал болохыг хэлж байлаа. Уулзалтын дараа аймгийн Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж санал солилцов.