ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойшх хугацаанд хүнсний аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор Арвайхээр сумын 4 үйлдвэр, 29 худалдааны газарт хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим, хэрэглэх хугацаа, гарал үүсэл, баталгаажилтыг шалгаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг газар дээр нь шалгалаа. Хүнсний үйлдвэр, худалдаа эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүний баталгаажилтын бичиг баримтыг бүрдүүлээгүй, үйлдвэрлэсэн огноогүй бүтээгдэхүүн худалдаалсан, хөргөх төхөөрөмжид температурын хяналт тавиагүй, ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, халдваргүйжүүлэлтийг /тооцооны тоног төхөөрөмжийг бүрэн халдваргүйжүүлээгүй, бээлий өмсөөгүй, халуун хэмжээгүй/ хангалтгүй хийсэн зэрэг нийт 104 зөрчил илэрсний 66 хувийг газар дээр нь арилгууллаа. Шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгуулахаар албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч улсын байцаагчийн 4 төрлийн зөвлөмжийг шалгалтад хамрагдсан 33 байгууллагад, суманд үйл ажиллагаа явуулж буй худалдааны 48 байгууллагад тус тус хүргүүллээ. Зөрчил ихээр илэрсэн 6 газарт гүйцэтгэлийн шалгалт хийж зөрчлийг бүрэн арилгууллаа. Түүнчлэн аймгийн хэмжээний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнэд тандалт судалгааг холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэн, аймгийн Онцгой комисст танилцууллаа. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа бөгөөд аймгийн Онцгой комиссоос татан авалт, нийлүүлэлтийн арга хэмжээг зохицуулж байна.
2020-11-17 20:56:10