“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Цэргийн штабаас 20 ажил бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
Ойн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор гэр бүлээсээ 5-6 хүүхдээ цэргийн алба хаалгасан нэг шилдэг гэр бүлд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус ангид цэргийн алба хааж буй цэрэг дайчид, "Өмнөговь" цэргийн хүрээнд алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчид болон чөлөөнд байгаа офицеруудад хүндэтгэл үзүүлнэ.
Мөн сумдын Засаг дарга нарт “Цэргийн бэлтгэл” сургалтыг явуулах ба цэргийн цол авсан бэлтгэл офицеруудад цол гардуулах, аймгийн Музейн ховор нандин үзмэр, Хүндэтгэлийн танхимыг иргэдэд нээлттэй үзүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Эрхмийн дээд эр хүн” эсээ бичлэг, гар зургийн уралдаан, “АХА” цэнгээнт нэвтрүүлэг, “Монгол цэрэг – 100 жил” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэрчлэн уламжлал ёсоор аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах "Дөл-2021" цогцолбор тэмцээн, "Эх орон танаа" цэргийн дуу дуулаачдын аймгийн уралдааныг зохиох аж.
Дээрх ажлууд нь батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго агуулж байна.