Арвайхээр сумын улсын тэргүүний “Мэргэд” цогцолбор сургууль нь Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн ахисан шатны шаардлагыг хангаж, “Ногоон туг” шагналын болзол хангажээ.
Тус сургуулийн хамт олон дээрх хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй хандах зорилтыг дэвшүүлж, “Ус”, “Ой мод, цэцэг, ургамал”, “Цааснаас татгалзах хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлсэн ба цахим мүүдл системд шилжин сурагчид хичээлээ урьдчилж, нөхөж үзэх боломжийг цахим орчинд бүрдүүлээд байна. Сургуульдаа эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн 17 зорилтыг сургалтын агуулга, арга зүйд багтаан хэрэгжүүлсэн амжилтаараа 2018 онд “Хүрэл гэрэгэ”, 2019 онд”Мөнгөн гэрэгэ” шагналыг авч байсан бол энэ жил аймагтаа “Ногоон туг” авсан анхны сургууль боллоо.
Одоогоор аймгийн хэмжээнд Баянгол, Уянга сумын ерөнхий боловсролын сургууль, Арвайхээр сумын “Соёмбо” цогцолбор сургууль “Хүрэл гэрэгэ”-ний болзол хангаад байна.
“Эко сургууль” Олон улсын хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийг асуудлуудыг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлдэг бөгөөд ISO14001 стандартад суурилан дэлхийн 67 улсын 51 мянга гаруй сургуульд хэрэгждэг аж.