Орон нутгийн төсвийн 35 сая төгрөгөөр аймгийн Мал эмнэлгийн газарт явуулын иж бүрэн лаборатори бүхий автобусыг шийдвэрлэж өглөө. “Сүүлийн жилүүдэд малчид маань отор нүүдлээр явж, халдвартай бүс нутгуудад өвөлжиж, хаваржих тохиолдол их байгаа учраас отрын зам дагуу явуулын лабораторийг ажиллуулж, малын өвчлөлийг илрүүлэх, тандалт судалгаа хийх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх шаардлага байдаг. Иймд дээрх явуулын лаборатори чухал ач холбогдолтой юм. Бид эрүүл малтай байж эрүүл хүнс хэрэглэнэ, эрүүл хүнс хэрэглэснээр өөрсдөө эрүүл байх боломжтой” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж энэ үеэр хэллээ. Мөн зах, худалдааны төвд худалдаж байгаа сүү, цагаан идээ, маханд антибиотикийн үлдэгдэл илрүүлэх, хүний биенд сөрөг нөлөө байгаа эсэхийг тогтоох зориулалт бүхий багаж төхөөрөмжийг Арвайхээр, Хархорин сумын Мал эмнэлгийн албанд олгоод байна.