ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, анхаарах асуудлыг хэлэлцэж, Хүнс, хөдөө аж ахуйн газарт үүрэг, чиглэл өглөө.
Одоогоор аймгийн хэмжээнд 5.2 сая мал намаржиж байгаа ба үүнээс 900 мянга гаруй малыг малчид эдийн засгийн эргэлтэнд оруулах төлөвлөгөөтэй байна. Хэдийгээр аймаг, орон нутагтаа зуншлага сайн, газрын гарц арвин байгаа ч 70 гаруй малчин өрх бусад аймаг болон отрын бүс нутагт өвөлжих төлөвтэй байгаа аж.
Улс, орон нутгийн төсөв, төслөөр 40 гүн өрмийн худаг шинээр гаргахаас гүйцэтгэл 5 хувьтай байна. Аймгийн Засаг даргын зүгээс худгийн асуудлыг эрчимжүүлэх, удаашралтай ажиллаж байгаа компаниудад дахин тендер олгохгүй байхыг сануулав.
Засгийн газрын тогтоолоор энэ жил сум тус бүр 150 тонн өвс, 50 тонн тэжээл буюу аймгийн хэмжээнд 2950 тонн өвс, 950 тонн тэжээлийг аюулгүйн нөөцдөө бүрдүүлэх, малчид 25 мянган тонн хадлан авах үүрэг даалгавартай ажиллаж байна.
Мөн малчдын отор нүүдлийг багасгах, өвс тэжээлийн үнийн дарамтаас гарахын тулд аймгийн хэмжээнд малын тэжээл тариалалтыг 2.5 дахин нэмэгдүүлж, нийт 5636 га талбайд тариалалт хийсэн бөгөөд 6700 гаруй тонн ногоон тэжээл хураан авч, аймаг, сумын аюлгүй нөөцөө бүрдүүлэх зорилттой байна.
2021-09-16 11:05:26