• Албан ёсны цахим хуудас
ЗОРИЛТОТ ЖИЛИЙН АЖИЛ 92.5 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ ХЭРЭГЖИВ
Өнөөдөр хуралдаж буй аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн ажлыг 92.5 хувийн биелэлттэй хэмээн дүгнэлээ. Аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03/06 дугаар тогтоолоор 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласны дагуу Ажлын хороог байгуулж, дөрвөн зорилт, 67 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлээд байна. Аймаг, сум, малчин өрхийн хэмжээнд малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, 1992 оноос хойш анх удаа хамгийн их ургац хураан авсан нь зорилтот жилийн онцлох ажил байв. Мөн цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг аймгийн хэмжээнд 78 удаа зохион байгуулж, хур тунадасыг нэмэгдүүлснээр ургамлын гарц сайжирч, малаа тарга тэвээрэг авахуулах, өвс хадлангаа ахиу базаах нөхцөлийг бүрдүүлсэн. Эдгээр ажлын үр дүнд малчдын отор нүүдэл багасч, орон нутагтаа өвөлжих, өвс тэжээлийн үнэ тогтворжих эерэг үзүүлэлттэй байна. Түүнчлэн сум дундын отрын бүс нутгийг тогтоох, бэлчээр ашиглалтын журмыг мөрдүүлэх, малаа эрүүлжүүлэх, ангилах, малчид хөдөлмөрөөрөө хорших, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн олон томоохон ажлыг зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлээд байна. Өвөрхангай аймаг цаашид ч хөдөө аж ахуйгаа түшиглэн хөгжих учраас зорилтот жилээр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийж, эрчимжсэн аж ахуй руу шилжих бодлогыг барихаа аймгийн удирдлагууд хэллээ.

 

2021-12-01 00:00:00