Аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдлаа.
Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурал хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна. Хурлаар “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил”-ийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар хэлэлцлээ. Зорилтот жилд өрхийн тариаланчид, хүнсний үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж, эрүүл, аюулгүй хүнсээр өрх гэр, сум орноо хангах зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд;
Өрх бүр өөрсдийн хүнсээ бэлтгэх боломжийг бүрдүүлж, төмс, хүнсний ногоо тарих, боловсруулах сургалтанд хамруулах, үрийн дэмжлэг үзүүлэх
Хуванцар савнаас татгалзаж, уламжлалт модон хувин, ган төмөр сав суулгыг хэрэглээнд нэвтрүүлэх
Өрхийн хэрэгцээнд таарсан хүлэмжийг нийлүүлэх
Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэр, цехүүдийг дэмжих
Хүнсний сав, баглаа боодолд анхаарах
Талх, нарийн боовны үйлдвэрлэл дэх хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тосны хэрэглээнд хяналт тавих
Говийн ямааны ааруул, хонины цагаан тос зэрэг цагаан идээний брэнд бүтээгдэхүүнээ түгээн сурталчлах зэрэг олон саналыг Зөвлөлийн гишүүд хэллээ. Аймгийн Засаг даргын зүгээс малчдад малын эмийн зохистой хэрэглээний тухай мэдлэг, ойлголт өгч, малын эм тарианы үнэ өртөгт хатуу хяналт тавих, аймгийн хэмжээнд байгаа хүнсний зоорийн хүрэлцээ, ашиглалтын талаар судалгаа гаргах үүрэг, даалгаврыг өгөөд байна.
2023-01-16 17:25:13