ОРОН НУТГИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАГЧ БАГШ, СУРАГЧДЫГ БЭЛТГЭЛЭЭ
“Дэлхийн мөнгөний 7 хоног” аяны хүрээнд “Өсвөрийн санхүүч” сургагч сурагч болон багш бэлтгэх сургалтыг аймгийн Насан туршийн боловсролын төвийн санаачилгаар Боловсрол, шинжлэх ухааны газар, Өвөрхангай аймаг дахь Монголбанкны хэлтэс хамтран зохион байгууллаа.
Хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр сургалт удирдан явуулах мэдлэг, чадвар олгох зорилготой тус сургалтанд Политехник коллеж, ерөнхий боловсролын сургууль бүрээс нэг сурагч, нэг багшийг хамруулан сургаж, гэрчилгээ олгосон юм.
Сургалтыг нийгмийн болон санхүүгийн боловсролын Олон Улсын мастер сургагч багш, Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн зөвлөх багш С.Оюунчимэг удирдан явууллаа.
Сургагчаар бэлтгэгдсэн багш, сурагчид сургуулийн хамт олондоо санхүүгийн мэдлэг, мэдээллийг түгээх буюу мөнгөө хадгалах, хувийн болон өрхийн төсвөө зохистой удирдахын ач холбогдлыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулна.
2023-03-24 14:57:29