• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
2023 оны долоо дугаар сарын 10-ны өдрийн 18:00 - 20:00 цагийн хооронд орсон усархаг, аадар борооны улмаас Дэлгэрэх гол үерлэж, нийтийн эзэмшлийн зам, хашаа, талбай эвдрээд байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа.
Үерийн улмаас долоон гэр, дөрвөн машин урсаж, хоёр гэр, арван хашаа нурсан ба 10 гаруй барилга, байшин усанд автсан, бохирын цооног хальсан гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Арвайхээр сумын ЗДТГ, “Онги ус суваг” ОНӨҮГ, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК зэрэг холбогдох байгууллагуудын алба хаагчид шуурхай ажиллаж, усыг соруулах, лагийг зайлуулах, эвдрэл, гэмтлийг арилгах чиглэлээр ажиллаж байна.
Мөн Арвайхээр сумаас зүүн тийш 7 км орчимд уулын үер бууж, зам усанд боогдсоны улмаас зорчих хөдөлгөөнийг түр зогсоож, бороо зогссоны дараа нээжээ. Өнөөдөр сэргээн босгох чиглэлээр ажлын хэсгийг байгуулж, аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өглөө.
Цаашид усархаг бороо үргэлжлэн орох учраас иргэд, олон нийтэд үер уснаас болгоомжлох, аялал зугаалгаар хол газар явахгүй байх, баталгаат зам, гүүрээр гарах, бага насны хүүхдийг гол, нуурын орчмоос хол байлгах сэрэмжлүүлгийг холбогдох байгууллагуудаас хүргэж байна.

 

2023-07-11 11:52:00