АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
Энэ сарын 10-ны өдөр орсон усархаг, аадар борооны улмаас Дэлгэрэх гол үерлэж, нийтийн эзэмшлийн зам, талбай эвдэрч, барилга, байшин, машин техник, гэр, хашаа үерт автан их хэмжээний хохирол учраад байгаа юм. Мөн Бат-Өлзий, Баянгол, Бүрд, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Хужирт, Хархорин, зэрэг сумдад үерийн улмаас зарим нэг хатуу хучилттай авто зам, томоохон гүүрнүүд эвдэрч, 80 гэр үерт автан, 384 мал хорогдсон байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс ээлжит хурлаа хийж, зарим шийдвэрийг гаргалаа.
Арвайхээр суманд үерийн улмаас тогтсон лаг шавар, чулуу, хайргыг нийтийн зорчих хэсгээс зайлуулах, үерийн суваг, хоолойг цэвэрлэх ажлуудыг сумын ТҮК-ний 40 гаруй ажилчид, 4 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд хүн хүчний дутагдалтай байгаа аж. Тиймээс аймгийн Онцгой комисс хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
Мөн үерийн улмаас аймгийн хэмжээнд үүссэн хохирлын хэмжээ, дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах, сэргээн босгоход шаардлагатай төсвийн тооцоог гаргаж улсын Онцгой комисст хүргүүлэх, үерийн аманд амьдарч буй иргэд, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэг үүргийг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн өглөө.
Түүнчлэн долоо дугаар сарын 19—ний өдрийн 02:00 цагаас эхлэн хангайн сумдаар усархаг аадар бороо орж, гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байгаа тул сумдын Засаг дарга, Онцгой комиссын гишүүдтэй цахим хурлыг хийж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг цахим, үүрэн телефон утсан мессеж мэдээллээр болон бусад бүхий л арга хэлбэрээр хүргэхийг үүрэг болгосон.
Цаашид усархаг бороо үргэлжлэн орох тул энэ сарын 18-23-ны өдрийг дуустал аймгийн Онцгой комиссоос хариуцлагатай эргүүлийг томилон ажиллуулахаар боллоо.
2023-07-19 10:09:24