Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын наадам ёслол төгөлдөр эхэллээ.
Наадмыг нээж, аймгийн Засаг дарга А.Ишдорж үг хэлэхдээ “Өвөрхангайчууд бид бүхэн үйлдвэр, үйлчилгээний салбараа өргөжүүлж, бүтээн байгуулалтуудыг өрнүүлсэн, иргэдийнхээ ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн ололт, амжилттайгаар аймгийнхаа түүхт 92 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр өргөн дэлгэр хуран цуглаад байна.
Өнөөгийн Өвөрхангай аймгийн 92 жилийн түүх бол энд сууж буй та бүхнээс эхлээд нийт ард иргэдийн хөдөлмөр, зүтгэлийн үр дүн гэдгийг дахин онцлон тэмдэглэж, энэхүү түүхийг бүтээхэд оролцож яваа нийт иргэддээ гүн талархал илэрхийлье” хэмээв.
Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны зохиолыг аймгийн Соёл урлагийн газрын дарга Д. Өсөх-Эрдэнэ, найруулагчаар аймгийн ХДТ-ын найруулагч Б. Батгэрэл, зураачаар Ц.Бат-Эрдэнэ нар ажилласан бөгөөд нүүдэлчин түмний өв соёл, хөдөө нутгийн онцлогийг харуулсан урлаг, уран бүтээлээр наадамчин олонд бэлэг барилаа.