Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баярыг угтан Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, БНМАУ-ын Ерөнхий сайд Д.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Халхын сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1878 онд төржээ. 1896 оноос эцэг Догшин цоохор ноён Төгс-Очирын орыг залгамжилж, Сайн ноён хан 23 жил суусан байна. Тэрбээр Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар 1919 оны 4 сард таалал болтлоо 7 жил ажиллажээ.
Пэлжидийн Гэндэн нь 1895 онд Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт төрсөн. 1924 онд Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж, Улсын анхдугаар Их Хуралд сонгогдон анхны Үндсэн хуулийг батлалцсан бөгөөд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдож, улмаар 1928 оноос МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар, 1932 онд Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв.