Хайрхандулаан сумынхан байгаль орчин, нийтийн эзэмшлийн газар нутагтаа архины шил хаяхгүй байх уриалгыг дэвшүүлж, 20 гаруй тонн архины шилийг цуглуулж борлуулсан байна.
Одоогоор дахиад 10 гаруй тонн шилийг цуглуулаад байгаа гэнэ. Хөдөө орон нутагт түгээмэл хаягддаг архины шил, хуванцар сав нь тухайн орчиндоо олон жилийн турш хадгалагдан хорт бодисыг ялгаруулж, хөрсийг бохирдуулж байдаг.
Тэгвэл сумын иргэд хэрэглэсэн архины шилээ хог болгон хаяхгүй, мөн урьд өмнө хаягдсан шил, хуванцар савыг цуглуулан Хоёр дахь түүхий эд ангилан ялгах нэгдсэн цэгт авчрах ажлыг жилийн турш хийж байгаа юм. Сумын удирдлагаас цахим сүлжээг ашиглан challenge буюу бусдыгаа уриалан дуудах ажлыг зохион байгуулж, иргэдээ идэвхжүүлэхийн зэрэгцээ багийн ИНХ-уудаар дамжуулан мэдээлэл, сурталчилгааг хийж байна.
Түүнчлэн иргэдийн цуглуулж авчирсан архины шил, хуванцар савыг ангилан ялгаж, холбогдох газруудад хүргэх, шаардлага хангахгүйг нь дарж булшлах ажлыг гүйцэтгэхийн тулд төсөл сонгон шалгаруулах замаар ажилтны орон тоог шийдвэрлэсэн аж.
Өнгөрөгч жил цуглуулсан 20 тонн архины шилний 15 тонн гаруйг Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Хоггүй Монгол” ТББ-руу ачуулж, үлдсэн архины шилийг мэрэгжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу дарж булшилсан байна. Энэ жилийн цуглуулсан шилээ намар ачуулна хэмээн сумын Засаг дарга П.Алтанган хэллээ.
Эх сурвалж: montsame.mn/Сэтгүүлч Б.Батчимэг