• Албан ёсны цахим хуудас
“Өвөрхангай Түншлэл намрын баяр-2023” үзэсгэлэн худалдаа болж байна
Аймгийн ЗДТГ, ХХААГ, ХАҮТ-аас “Өвөрхангай Түншлэл намрын баяр-2023” намрын үзэсгэлэн худалдааг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Шунхлай худалдааны төвд зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд аймгийн 19 сумаас шалгарсан 150 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, орон нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан үржил шимт төмс, хүнсний ногоо, органик хүнсний бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, үндэсний хувцас хэрэглэл, гар урлал гэхчлэн олон төрлийн эд зүйлийг үйлдвэрийн үнээр худалдан борлуулж байгаа юм. Мөн Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Монгол улсад мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Бүрд, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Хайрхандулаан сум, Дорнод аймгийн малчид шилмэл омгийн хуц, ухна, бух, азаргаар "шилмэл малын үзэсгэлэн худалдаа"-нд оролцож байна. Энэ жилийн намрын үзэсгэлэн худалдаа “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жил”-ийн хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн оролцоо нэмэгдэж, тав тухтай орчинд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд үзэсгэлэн худалдааг зорин очих иргэдэд нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 04 өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

2023-10-03 10:37:29