• Албан ёсны цахим хуудас
Энэ өвөл малчид маань отор нүүдэл хийхгүй, нутагтаа өвөлжинө

Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзалт хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

  • Энэ оны хувьд бороо хур элбэгтэй зуншлаг харьцангуй сайн байсан учраас Өвөрхангайн малчид бусад аймгийн нутаг руу отроор явахын зовлон үзэхгүй нутагтаа өвөлжинө гэдгийг аймгийн дарга онцоллоо.
  • Мөн 23 орчим сая төгрөгөөр цаг агаарт зориуд нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан нь хур тунадасны хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Богд, Уянга, Хархорин, Зүүнбаян-Улаан сумдад цаг агаарын 4 экспидиц ажиллаж байгалиараа орох хур тунадасны хэмжээг 60 гаруй хувиар нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа.
  • Сумдын дарга нарын мэдээлж байгаагаар гадагшаа отор нүүдэл хийх сум байхгүй. Олон жил отор нүүдэл хийсэн цөөн тооны айл өрхүүд Булганы нутаг руу отроор явж байгаа. Харин манай аймагт одоогийн байдлаар Гучин-Ус, Төгрөг сумдын зааг нутгаар 100 гаруй өрхийн 7 мянга орчим мал отроор орж ирсэн байна. Цаашид отрын малчид нэмэгдэх төлөвтэй байна. Баруунбаян-Улаан сумын хойд хэсгээр Баянхонгор аймгаас отроор орж ирж байгаа. Одоогийн байдлаар нэгдсэн тоо ирээгүй.
  • Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлсэн. Хархорин суманд 400 га талбайд “Өв агро” ОНӨХК тэжээлийн ургамал тариалсан. 40 мянган боодол ногоон тэжээл хурааж авах төлөвлөгөөтэй байгаа.
  • Одоогоор ногоон тэжээлийн зах зээлийн үнэ нэг боодол нь 10-11 мянган төгрөг байна. Энэ онд ногоон тэжээл сайн тариалсан учраас хавар үнийн хөөрөгдөл үүсэхгүйгээр нөөцөө бүрдүүлж байгаа.
  • Аймгийн гамшгийн зардалд 1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан. Үүнээс тодорхой шаардлагатай зүйлд зарцуулаад одоогийн байдлаар 100 орчим сая төгрөг үлдсэн. Үүнээс аюулгүйн нөөцөө бүрдүүлэхээр төлөвлөсөн.
  • 10 дугаар сар ерөнхийдөө дулаахан, хур тунадасны хувьд олон жилийн дунджаас бага төлөвтэй. 11, 12, 1 сард цастай хүйтэндүү байх төлөвтэй байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангахаар ажиллаж байна.
  • Төв суурингийн өвөлжилтийн хувьд төвөгтэй асуудлууд байна. Дулаан үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд тээврийн зардал өндөр, нүүрс тээвэрлэдэг машин олдохгүй зэрэг хүндрэлтэй асуудлууд байгааг шийдвэрлэхээр ажиллаж байна. 
  • Энэ зун өндөр хүчдэлийн шон унаж цахилгаан олон хоногоор тасарсан. Тог цахилгаан дамжуулж буй шонгууд 31-33 метр секундын салхины хурдыг даахгүй байна гэж мэргэжлийн хүмүүс хэлж, анхааруулж байна. Тийм учраас дулаан үйлдвэрлэгч компаниудыг 9 дүгээр сардаа багтаж нөөц мотортой болох шаардлага тавьж байна.

 

 

2023-10-02 12:14:12