Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур орчны мэдээлэл судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, Өвөрхангай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэлтэй танилцан, цаашид анхаарах асуудлуудад зөвлөгөө өглөө.
Улсын онцгой байдлын газраас хийгдсэн гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай аймаг “Бага ” эрсдэлтэй дүгнэгдсэн байна.
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ нь зуншлагын байдал, бэлчээрийн даац, малын тарга хүч, өвөлжилтийн бэлтгэл, малын хорогдол, өвс тэжээлийн нөөц, малын сэг зэм устгах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хашаа саравч болон усан хангамж, зуншлагын төлөв зэрэг үзүүлэлт дээр үндэслэн хийгддэг ажээ.