Мал маллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг малжуулах, монголын уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг “Малжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд энэ онд 19 сумын 214 малчныг хамруулжээ.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2023 онд малжуулах хөтөлбөрт хамрагдсан малчдын дунд сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, мал аж ахуйн салбарт аймгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн мэдээллийг өгч, аварга малчдын туршлагаас танилцууллаа. Мөн хүн, малын эрүүл мэнд, малын хулгайтай тэмцэх, хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.
Энэ жилийн хувьд 100 малчныг хамруулах байсан ч байгаль, цаг уурын бэрхшээл, отор нүүдлийн улмаас малчид мал сүргээ багагүй хорогдуулсан, нэмж мал авах хүсэлтэй өрхийн тоо олон байсан учраас УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр малжуулах өрхийн тоог нэмж, 214 болгосон байна.
Өвөрхангай аймгийн хөдөлмөрийн насны иргэдийн 50 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлдэг. Мал маллаж, ашиг шимийг нь хүртэж амьдрах сонирхолтой ч цөөн тооны малтай, малжих хүсэлтэй иргэд олон бий.
Аймгийн хэмжээнд сүүлийн зургаан жилд 524 өрхийг 2 тэрбум 620 сая төгрөгөөр малжуулаад байна. Уг хөтөлбөрт хамрагдсан малчдаас "Аймгийн аварга малчин" гурав төржээ.