Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, агентлагуудын албан хаагчдын спортын VI бага наадам энэ сарын 18, 19-ны өдрүүдэд боллоо.
Уг наадмыг улс тунхагласны баярыг угтан Өвөрхангай аймгийн Зүүний хүчний холбооноос санаачлан, аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн спортын төрлүүдээр зохион байгуулав.
Спортын бага наадам нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд төрийн албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, баг хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Зүүний хүчний холбооны дарга И.Доржсүрэн, ЗДТГ-ын дарга, Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн болон баг тамирчид оролцож, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид спорт бүжгээр, спиннинг клубийн тамирчид үзүүлэн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ жилийн наадамд 39 байгууллагын 410 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийт дүнгээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн баг тамирчид тэргүүн байрт шалгаран өргөмжлөл, 800.000 төгрөг, цомын эзэд болсон бөгөөд дараа жилийн наадмыг зохион байгуулах эрхийг авлаа.
Багийн нэгдсэн дүнгээр 2 дугаар байрт Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төвийн хамтарсан баг, 3 дугаар байрт Эрдэнэт булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Төрийн аудитын газрын хамтарсан баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.
Тэмцээний төрөл тус бүрд эхний гурван байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан бөгөөд шилдэг довтлогч-2, шилдэг тэгш тоглогч-2 тус тус тодруулан мөнгөн шагналаар урамшуулсан юм.