• Албан ёсны цахим хуудас
“Электрон тамхины хэрэглээ, түүний хор уршиг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Сүүлийн үед вэп(vape) буюу электрон тамхийг залуучууд ихээр хэрэглэх болсон. Өсвөр насныхан, залуучуудын дунд гангараа шахуу болоод байгаа энэ тамхины хор хөнөөлийн эсрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг даргын 2022 оны А/136, 2023 оны А/327 дугаар “Утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамж гарган хэрэгжүүлж байгаа бөгөөд тус ажлыг эрчимжүүлэхээр ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм.
Уг ажлын хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Электрон тамхины хэрэглээ, түүний хор уршиг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн төр, төрийн бус байгууллага, боловсрол, эрүүл мэнд, хуулийн салбарын төлөөлөгчид, Арвайхээр сумын ЕБ-ын зургаан сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчид, Политехник коллежийн нийгмийн ажилтан, суралцагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 100 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлгээр Арвайхээр суманд хийгдсэн “Утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулах үйл ажиллагаанд хяналт хийсэн тайлан”, “Тамхины хэрэглээний өнөөгийн байдал ба Электрон тамхины хор уршиг”, “Арвайхээр сумын ЕБ-ын сургуулиудын сурагчдын тамхины хэрэглээний өнөөгийн байдал” сэдвүүдээр мэдээлэл өгсөн.
Арвайхээр сумын ЕБ-ын 6 сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар 528 хүүхэд утаат болон электрон тамхийг тогтмол хэрэглэдэг болохыг илрүүлжээ.
Хэлэлцүүлгээр хүнсний дэлгүүрүүд 21 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдаалж буй байдал, өсвөр насны хүүхдүүдийн утаат болон электрон тамхины хэрэглээг таслан зогсооход тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, оролцогчдын санал бодлыг нь сонслоо.
Хэлэлцүүлгийн үр дүнд “Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, салбар дундын уялдааг ханган ажиллахаар боллоо.

 

2023-12-15 15:29:55