“Хүний эрхийн түгээмэл тунхаглал-Бидний баталгаа” сэдвээр 200 хүүхдэд сургалт зохион байгуулав
Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд буюу “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Арвайхээр сумын ЕБ-ын сургуулийн сурагчдад “Хүний эрхийн түгээмэл тунхаглал-Бидний баталгаа” сэдвээр мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхийг хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, таниулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад зургаан сургуулийн 9, 10 дугаар ангийн 200 гаруй хүүхэд хамрагдсан ба аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын Өвөрхангай аймаг дахь референт, Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллалаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл баримтлал, үнэт зүйлс нь 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын Үндсэн Хуульд хөдөлшгүйгээр тусгагдаж иржээ. Үндсэн хуулийг хэд хэдэн удаа өөрчилсөн ч хүний эрхтэй холбоотой заалтыг хэзээ ч өөрчилж байгаагүй бөгөөд хамгийн үнэт зүйл нь энэ зүйл заалт байдаг.
2023-12-15 11:00:29