• Албан ёсны цахим хуудас
ИДЭРЧҮҮДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
U18 идэрчүүдийн волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Засаг Даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга Ө.Жамдүдсансүм нар албан ёсоор нээж, үг хэллээ.
 
Аймгийн Засаг Даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн “Аймаг, орон нутагт томоохон бүтээн байгуулалт хийгдэж, үүн дотор биеийн тамирын стандарт шаардлагад нийцсэн заалыг цөөнгүй барьж байгуулсаар байна. Тухайлбал, сумдад жил бүр спортын заалуудыг байгуулж байгаа бөгөөд Арвайхээр суманд хувийн хэвшлийн 2, төрийн байгууллагын 6, нийт 8 спорт заал тогтмол үйл ажиллагаа явуулж, иргэдийн биеийн тамираар хичээллэх боломжийг бүрдүүлж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2 удаа аймагтаа зохион байгуулсан зэрэг амжилтыг дурдахад таатай байна” хэмээгээд баг тамирчдад амжилт хүсэв.
 
Энэхүү тэмцээнд 14 сумын 55 багийн 660 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн Спортын ордны А, Б заал, ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Тэмүүлэл-Эрдэм, Мэргэд сургуулиудын болон Арвайхээр сумын 9-р багийн спорт зааланд гурван өдрийн турш үргэлжилнэ.

 

2024-01-26 17:50:48