• Албан ёсны цахим хуудас
"БҮХ НИЙТИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛ"-ЫГ САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ХӨГЖҮҮЛНЭ
Өнөөдөр “Бүх нийтийн соёлын боловсролд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Тус арга хэмжээнд нийгмийн салбарын төрийн болон төрийн бус 17 байгууллагын удирдлага, албан хаагч 43 хүний төлөөлөл оролцов.
 
Бүх нийтийн соёлын боловсролын өнөөгийн нөхцөл байдал нь нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон, нүүдэлчдийн өв соёл арвин , үнэт зүйл, ёс суртахуун, ёс зүйн уламжлалт мэдлэгийн өв сантай. Түүнчлэн гэр бүлийн үнэт зүйлийн тэргүүнд авч үзэж, байгаль дэлхийдээ ойр, нутаг ус түүх, соёлоо дээдэлдэг зэрэг сайн талтай хэдий ч эрүүл, аюулгүй амьдрах орчин муу, иргэдийн түүхийн мэдлэг сул, нийгмийн эерэг үнэт зүйл, соёлыг хадгалж үлдэх сэтгэлгээ муу байгаа.
 
Мөн угийн бичиг хөтлөлт муугаас ураг төрлөө мэдэхгүй, цус ойртох эрсдэл нэмэгдэж байгаа бөгөөд "Монгол" гэсэн хийрхэл ихтэй, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зохистой хэрэглээ сул зэрэг олон сөрөг байдал давамгайлж байгааг мэргэжлийн байгууллага онцолж байна.
 
Бүх нийтийн соёлын боловсрол нь эх хэл, бичиг, түүх, өв соёл, эх оронч үзэл, зан заншил, өв уламжлалаа дээдлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх оюун санааны үйл явц юм. Энэ боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэхийн тулд төр засгийн бодлогын баримт бичгүүдэд олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна.
 
Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээр нийгмийн салбарын байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж, “Бүх нийтийн соёлын боловсрол”-ын чиглэлээр 2024 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө эцэслэн боловсрууллаа.

 

2024-01-19 17:07:47