БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа хамтран аргаль, янгир, халиун буга зэрэг байгалийн ховор амьтдад өвс, хужир тавьж өгөх ажлыг агнуурын бүс нутагт биотехникийн арга хэмжээ авах уг ажлыг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд 15 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хамтран 94 цэгт 5000 боодол өвс, найман тонн хужирыг тавьж өгөв.
Өвөрхангай аймгийн хувьд Есөнзүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Нарийнтээл, Хайрхандулаан суманд халиун буга, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд, Гучин-Ус, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Есөнзүйл, Төгрөг, Хархорин, Уянга суманд аргаль хонь, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Бат-Өлзий, Богд, Төгрөг, Уянга, Сант зэрэг суманд янгир ямаа тархан байршдаг.
Амьтны тухай хуулиар таван жил тутамд аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгааг хийхээр заасан байдаг. Энэ дагуу Өвөрхангай аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа, 2024-2028 онд хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг “Авралын эрэлд” ХХК-иар 2023 онд гүйцэтгүүлсэн.
2024-01-18 14:27:20