Аймгийн Соёл урлагийн газраас “Өвөрхангайн урчууд-2024” үзэсгэлэн худалдааг уран хатгамлын төрлөөр зохион байгуулж байна. Соёлын биет бус өвийн 7 ай савын нэг “Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал”-ыг олон нийтэд таниулах, хатгамаллах урлалын соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулав.
Үзэсгэлэнд аймгийн 15 сумаас уран хатгамлын төрлөөр өв соёлоо хадгалж, түгээн дэлгэрүүлж байгаа 30 уран бүтээлч оролцож, 90 гаруй бүтээлийг үзэгч олонд толилууллаа.
Түүний дотор Монголын нэрт уран хатгамалч гэр бүл болох М.Ганболд, С.Буд нар цэвэр алтаар товойлгон, зүү ороох уран хатгамлаар бүтээсэн өнөө цагийн хосгүй үнэт урлал хэмээн үнэлэгдэж буй “Алтан соёмбо” бүтээл, дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй уламжлалт хэв маягаар урласан "Хос шаглаа" бүтээл тус тус дэлгэгдэж, уран хатгамлын хөгжлийг сурталчилсан юм.
Техник, технологийг илүүтэй хөгжүүлж эхэлсэн энэ үед хүний сэтгэлийн ур шингэсэн, уламжлалт гар урлалын бүтээл илүү үнэ цэнтэй байдаг бөгөөд Монголын хатан ухааны ур чадварыг илтгэсэн, хойч үедээ сурталчлан таниулсан чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.