УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБААС 21 АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТОЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ
Улсын Онцгой комиссоос Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан өнөөдөр /2024.02.17/ 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийлээ. Тус цахим хуралдаанд Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүд Шуурхай штабын танхимаас оролцлоо.
Цахим хурлаар аймгийн цаг үеийн нөхцөл байдлын мэдээг сонсож, Улсын Онцгой комиссын гишүүд бүх аймгуудад ажиллаж, аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлж, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангахаар болсон талаар дуулгав.
Мөн аймгуудын Онцгой комисст зудын эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд сум, аймгийн өвс, тэжээлийн нөөцийг эхлээд задалж тараах, улсын нөөцөөс дэмжлэг олгох ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.
Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу гамшгийн болон орон нутгийн нөөцийг нэмж бүрдүүлэх, орон нутгийн нөөцийг дайчилж хүнс, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хаагдсан зам давааг нээх, айл өрхүүд рүү зам гаргах ажлыг шуурхай, тогтмол зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС.
2024-02-17 20:47:31