Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа
Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Өвөрхангай аймагт 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.
Өнөөдөр шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссыг танхимаар, сумдын Онцгой комиссыг цахимаар хуралдуулж, зудын нөхцөл байдал, хариу авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын мэдээллийг сонсож, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримталж буй бодлогын талаар товч танилцууллаа.
Хурлын үеэр яаралтай шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудлыг танилцуулсны үр дүнд эхний ээлжинд Хархорин сумын Онцгой байдлын хэлтэст нэн шаардлагатай байгаа туулах чадвар сайтай “Зил-131”, Хужирт сумын эрэн хайх аврах бүлэгт туулах чадвар сайтай УАЗ пургон автомашиныг тус тус шийдвэрлүүлэхээр болов.
Хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлгийн гишүүд, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Г.Ганболд, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар оролцлоо.
Шуурхай бүлэг өнөөдөр Хархорин суманд, маргааш Хужирт суманд ажиллана
2024-02-22 16:12:26