• Албан ёсны цахим хуудас
Төрийн хүндэтгэлийн дуу болох “Эртний сайхан” уртын дууг нутгийн удирдлагын ордонд эгшиглүүллээ
Төв халхын уртын дууг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх Өвөрхангай аймгаас төрөн гарсан нэрт уртын дуучдаараа хойч үе бахархах, үндэсний дархлаагаа бэхжүүлэх, биет бус өвийг уламжлуулах зорилгоор Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Монголын уртын дууны холбооны Өвөрхангай аймгийн салбар хороо, Ганданпунцоглин хийд, аймгийн Хөгжимт драмын театр хамтран зохион байгуулж байна.
 
Энэ хүрээнд Өвөрхангай аймгаас төрөн гарсан уртын дуучид өнөөдөр аймгийн Засаг даргатай уулзалт хийлээ.
Уулзалтад Ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргал, Гавьяат жүжигчин Д.Ганбаатар, Соёлын тэргүүний ажилтан Д.Жавхаасайхан тэргүүтэй Өвөрхангай аймгаас төрөн гарсан уртын болон ардын дуучин 21 уран бүтээлчид оролцлоо.
 
Ардын жүжигчин Д.Түвшинжаргал хэлэхдээ “Анхдугаар богд гэгээнтний өлгий нутаг, Эзэн Чингисийн байгуулсан төв халхын төв суурин болсон Өвөрхангай хэмээх энэ л сайхан нутгаас төрөн гарсан уртын дуучид, уран бүтээлчдийг үргэлж дэмжин хамтран ажиллаж, үндэсний дархлааг бэхжүүлэх, биет бус өвийг хойч үедээ уламжлуулахад томоохон хувь нэмэр болж байгаа удирдлагууддаа талархал илэрхийлье” хэмээсэн юм.
 
Уулзалтын төгсгөлд уран бүтээлчид төрийн хүндэтгэлийн дуу болох “Эртний сайхан” уртын дуугаар нутгийн удирдлагын ордонд авшиг хураан эгшиглүүлэв.
 
Уран бүтээлчид өнөөдөр Арвайхээрт:
  • Уртын дууны хэлэлцүүлэг
  • Эрдэнэ бишрэлт мэргэн бандид ламтны 6 дугаар хувилгаан Данзанжамъянлодан ламтанд дуун мандал өргөх
  • “Эртний сайхан” шашин урлагийн цэнгүүн
  • Өвөрхангай аймгийн Уртын дуучдын чөлөөт уулзалт ярилцлага
  • “Наранд золгох шуранхай” ургах нарыг уртын дуутай угтах /2024.02.25-ны өглөө/ зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

 

2024-02-24 12:36:47