• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчид зуданд нэрвэгдсэн малчин өрхүүдэд тусламж үзүүллээ
Аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэнгээр ахлуулсан тусламжийн баг цагаан зудтай Хужирт сумын Хангийн мухар гэх газарт хаваржиж буй малчин Ж.Батбаяр, Н.Гансүх нарын хотонд нь очиж, нөхцөл байдалтай танилцан, малчдын санал бодлыг сонсож, тусламж үзүүллээ.
 
Дээрх хоёр өрх нь газрын түвшнээс аймаг дахь хамгийн өндөр цэгт хаваржиж байгаа бөгөөд тухайн газарт орсон цасны хэмжээ 50-80 орчим см зузаантай, мал бэлчиж, мотоцикл, автомашин явах боломж тааруу байна.
 
Тус өрхүүдэд 600 мянган төгрөгийн үнэ бүхий 10 боодол өвс, 6 шуудай малын тэжээл, 10 шуудай нүүрс, модны тусламжийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчид үзүүлэв.
 
Малчин Н.Гансүхийнх 300 гаруй, Ж.Батбаярынх 400 гаруй толгой малтай хаваржиж байгаа бөгөөд ямааны дийлэнх нь төл хаяж байгаа бол хонь нь төллөж эхлээгүй байгаа аж.
 
Малчид "орон нутгийн зүгээс цас түрэн, зам гаргаж байгаа нь малчид бидэнд үзүүлж буй хамгийн том дэмжлэг болж байна. Бага ч гэлтгүй, өвс, тэжээл, түлээ нүүрсний тусламж үзүүлж байгаад талархаж" байгаагаа илэрхийлсэн юм.

 

2024-03-04 14:29:21