ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР 510 АЛБА ХААГЧ ЖАГСЛАА
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хүрээнд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээлэхээр ажиллан гамшгийн үеийн дуут дохиог дуугаргаж, 13 гамшгаас хамгаалах алба 30 мэргэжлийн ангийн нийт 510 алба хаагч хамрагдлаа.
Улсын хэмжээнд 2011 оноос хойш 119 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Манай аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг бөгөөд 2023 онд Богд суманд 3,5-4 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болсон. Мөн хөрш аймгууд болох Архангай, Баянхонгорт он гарсаар нийт 6 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Өчигдөр гэхэд Дундговь аймагт 3,9 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн юм.
Аймгийн хэмжээнд нийт 1200 гаруй барилга байгууламж байдаг бөгөөд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 7-9 баллд тэсвэртэй хэмээн үздэг байна.
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм.
Гамшгаас хамгаалахад зөвхөн мэргэжлийн анги байгууллагын оролцоонд бус нийт иргэдийн хамтын ажиллагаа чухал.
2024-03-28 18:24:21