ШУУРХАЙ ХУРАЛ ХУРАЛДЛАА
Хуралд аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн болон хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцлоо.
Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвд иргэдээс ирүүлсэн гомдол, санал, түүний шийдвэрлэлттэй танилцав. Өнгөрсөн долоо хоногт 7032-1111 утсанд 9 иргэн хандаж, гомдол, санал, хүсэлтээ илэрхийлжээ.
Тухайлбал, Арвайхээр сумын ЗДТГ-т 5, БОЭТ-д 2, ЭБЦТС-ТӨХК-ний Өвөрхангай аймаг дахь салбарт 2, нийт есөн асуудлаар гомдол, санал ирүүлснийг харьяалагдах байгууллагуудад хүргүүлэн, шийдвэрлүүлж, хариуг иргэнд эргэн мэдээлсэн байна. Мөн өмнө нь шийдвэрлэгдээгүй байсан хоёр асуудал шийдвэрлэгджээ. Тус хугацаанд 789 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.
Хурлаар:
- Засаг даргын Тамгын газрын НБХ-ээс “Монгол бичгийн аян”-ы хүрээнд зохион байгуулж буй судалгааны танилцуулга,
- Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс гурван сарын хугацаанд зохион байгуулах “Хүнсний аюулгүй байдал” аяны тухай мэдээллийг тус тус өгсөн юм.
Тус хурлаар 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт яаралтай саналаа ирүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн талаар иргэдэд мэдээлэл сурталчилгааг хүргэх, Төрийн өмчийн автомашины дугаарыг цэнхэр дэвсгэрээр солих ажлыг энэ долоо хоног дуусгах зэрэг үүрэг чиглэлийг аймгийн Засаг даргын зүгээс холбогдох байгууллагуудад өгөв.
Мөн төрийн байгууллагуудын худалдан авах үйл ажиллагааг эрчимжүүлэх, Төвхөн хийдийн тохижилт, засвар үйлчилгээний зураг, төсвийг боловсруулах, Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд хийгдэх шилэн кабел хийх ажлыг эрчимжүүлэх, хаврын мод тариалах ажлыг зохион байгуулах, малын цэцэг өвчнийг хянах цэгүүдийн үйл ажиллагааг анхаарч ажиллах зэрэг үүргийг Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.
2024-04-02 18:00:32