ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ХАНГАЙН БҮСИЙН САЛБАР ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ БАЙГУУЛАГДЛАА
Монгол улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хөдөөгийн хөгжлийг дэмжих, төрийн байгууллагуудын зарим чиг үүргийг орон нутагруу шилжүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд зээлийн батлан даалтын сангийн салбар нэгжийг бүсчлэн байгуулж буй бөгөөд өнөөдөр Өвөрхангай аймагт Хангайн бүсийн салбар төвийг Централ плазагийн 2 давхарт байгуулан, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.
Нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Зээлийн батлан даалтын сангийн удирдах зөвлөлийн дарга Т.Жамбалцэрэн, аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн болон тус салбарын удирдлагууд, орон нутгийн банкнуудын төлөөлөл, бизнес эрхлэгчид, иргэд оролцлоо.
Салбар төв байгуулагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгчид хөнгөлттэй зээлд, иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлж, цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх нөхцөл бүрдэж байна.
Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилт, Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдахад хөрөнгийн баталгаа гаргаж өгөх, иргэдийн орон сууцанд амьдрах боломжийг нь бүрдүүлж урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлдэг санхүүгийн байгууллага юм. Батлан даалтын олгох хэмжээ нь 2 тэрбум төгрөг хүртэл, зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргадаг.
Өвөрхангай аймгийн хувьд зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг 2023 оноос эхлүүлж, одоогийн байдлаар 53 иргэний зээл идэвхтэй хэрэгжиж байна.
2024-04-05 19:42:12