“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨХЦӨЛД ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ” САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” сарын аяны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлж, нээлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгууллаа.
Аяны нээлтэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга бөгөөд тус зөвлөлийн дэд дарга Б.Сайнжаргал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Онцгой байдлын болон Эрүүл мэнд, Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл танхимаар, сумдын ХАБЭА-н зөвлөл, “АЗЗА”ТӨХК, ЭБЦТСүлжээ ТӨХК, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, “Баянтээг”ХК, ШТС-уудын төлөөлөл 100 гаруй хүн цахимаар оролцов.
- Малчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох,
- Аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Цэцэгтэй ажлын байр” аяныг өрнүүлэх,
- Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг эрсдэл өндөртэй салбаруудад /эрчим хүч, онцгой, хууль сахиулах, эрүүл мэнд, зам, нүүрс олборлолт гэх мэт/ дотоод хяналт хийж, сургалт өгч, зөвлөн туслах,
- ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг 11 төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нээлтийн үеэр аймгийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн товч танилцуулга”, “Аймгийн хэмжээнд ажлын байранд тохиолдож буй хөдөлмөр аюулгүй байдлаас үүсэн осол, гэмтлийн мэдээлэл”, “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийг давах туулах арга зам, аюулгүй ажиллагаа”, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж”, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн тухай” мэдээллийг тус тус өгч, “Эрсдэлгүй Өвөрхангай” аппликэйшний танилцуулгыг хийлээ.
2021-2023 онд аймгийн хэмжээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагад ажлын байрны аюулгүй байдлаас үүссэн осол 16 бүртгэгджээ. Тухайлбал, тогонд цохиулж нас барсан, усанд живсэн, тоног төхөөрөмжинд гараа хавчуулж бэртсэн, дээвэр цөмөрч хүнд гэмтсэн, авто осолд орсон, ажлын байран дээрээ хүнд зодуулсан, машинд шүргүүлсэн, шороонд дарагдсан зэрэг осол, гэмтлүүд бүртгэгдсэн байна.
2024-04-08 17:25:11