“Хамтдаа сэргийлж - Манлайлъя” сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ЗДТГ, ЭМГ, БТСГ-тай хамтран “Хамтдаа сэргийлж - Манлайлъя” сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Арвайхээр сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, 13 багийн Нийгмийн ажилтан, гудамжны ахлагч, нийт 60 хүнийг сургалтад хамруулав.
Сургалтаар “Хүүхдийн осол гэмтлийн шалтгаант өвчлөл, эндэгдлийг бууруулахад бидний оролцоо”, “Хүн амын чийрэгжүүлэлтийн бие бялдрын түвшин тогтоох сорил”, “Хорт зуршил, донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвүүдээр мэдлэг олгож, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд санал, бодлоо солилцлоо.
“Хамтдаа сэргийлж - Манлайлъя” сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдлэг хандлагыг сайжруулах юм.
2024-04-11 18:45:27