Хүний эрхийн үндэсний комисс дүнгийн хурал хийлээ
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт 2024 оны 4 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд ажиллалаа.
Ажлын хэсэг аймгийн төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, сургалт зохион байгуулсан. Түүнчлэн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах, хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр аймгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа болон уул уурхайн нөхцөл байдалтай танилцах зэргээр ажилласан байна.
Иргэдтэй хийсэн уулзалт, хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үр дүн, дүгнэлтийг аймгийн удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Аймагт хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн олон зөрчил байгаагаас эрүүлжүүлэх, баривчлах байрыг шинэчлэх, Баянтээгийн уурхайг улсын чанартай авто замд холбох хоёр асуудлыг Хууль зүйн байнгын хорооотой хамтран шийдвэрлэнэ гэдгийг ажлын хэсэг мэдээллээ.
Дээрх дүгнэлттэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг даргын орлогч О.Сумьяасүрэн нар мэдээлэл өгсөв. Тухайлбал, ХЭҮК-оос зөрчил гэж тогтоосон агаарын бохирдол, хөрсний бохирдол, ундны усны эрүүл ахуй, хамгаалалт, Хужирт сумын төвийн ахуйн хог хаягдал, Баянтээг орчмын малчдын нөхцөл байдалд аймгаас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг танилцууллаа.
2024-04-17 09:37:05