• Албан ёсны цахим хуудас
"НЭГ НОМ ЭРХЭМ ҮЙЛС" аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо
"Нүүр номоосоо гэрэлтье" уриан дор зохион байгуулагдаж буй “Нэг ном эрхэм үйлс” сарын аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр өглөө Хүүхдийн номын ордонд боллоо.
Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, иргэд олон нийтийг ном унших, номтой нөхөрлөх дадал хэвшилд уриалах, зорилтот жилийн хүрээнд цахим орчин дахь соёлыг дэмжих зорилгоор тус аяныг аймгийн Соёл урлагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Насан туршийн суралцахуйн төв, “Адел” ТББ хамтран зохион байгуулж байна.
 
Нээлтийн үйл ажиллагаанд Соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд, аймгийн Төв номын сангийн хамт олон, сумдын Соёлын төвийн Хөгжим бүжгийн багш нар, “Адел” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
 
Үйл ажиллагааны үеэр Хөгжимт драмын театрын дэргэдэх “Драма” жүжгийн дугуйлангийн сурагч Б.Төгөлдөрмандах нэрт зохиолч Ц.Дамдинсүрэнгийн "Толь Гэндэн" хошин найраглалаар мэндчилгээ дэвшүүлж, оролцогчид өөрсдийн уншсан номын сэдвүүдээр хэлэлцүүлэг хийв. Мөн бие биедээ ном бэлэглэх арга хэмжээг зохион байгуулан, иргэд, олон нийтийг ном унших, цахим орчинд эерэг байхыг уриаллаа.
 
Тус аян 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд аяны хүрээнд:
  • “Эртэч оюунлаг Өвөрхангайчууд” номын хэлэлцүүлэг,
  • Ойр байх номын сангийн гэрийн номын танхимаас ном унших,
  • Зөөврийн номын сангаас ном унших,
Өөрийн гэрийн номын сангаас ном унших, баяжилт хийх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулж, “Эртэч оюунлаг сум”, “Эртэч оюунлаг хамт олон”, “Оюунлаг эрхэм” гэсэн төрлүүдэд тус бүр I, II, III байрыг эзлүүлэн, шагнаж урамшуулах ажээ.

 

2024-04-18 13:00:34