2024 оны "Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн" болж байна
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат спортын мастер, улсын шүүгч Лхамсүрэнгийн Батбаатар агсны нэрэмжит 2024 оны "Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн" болж байна. Тус тэмцээнд Улаанбаатар хот, 8 аймаг, 14 байгууллагын 16 багийн 130 гаруй тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдаж, улсын шүүгч Л.Батбаатар агсны гэр бүл, найз нөхөд, шавь нар хүндэтгэн оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр спортын хөгжилд олон жил хөдөлмөр зүтгэлээ зориулан аймгийн нэр хүндийг өндөрт өргөн, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож явсан бөгөөд өдгөө багш, дасгалжуулагч, улсын шүүгчээр ажиллаж байгаа аймгийн харьяат олон улсын хэмжээний мастер Т.Цогбадрах, Цагдаагийн дэд хурандаа Д.Баттулга, Ж.Отгонбаяр нарыг аймгийн тэргүүн дээд шагнал болох “Өвөрхангай аймгийн Алдартан” медалиар, мөн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр, зарим нэг хүмүүсийг, Монгол улсын Засгийн газрын шагнал “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” тэмдгээр Д.Гансүхийг тус тус шагнаж урамшуулав.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн тамирчдаас Олон улсын спортын мастер-1, Спортын мастер-2, Спортын дэд мастер-1 төрөн гарч, цол тэмдгээ гардан авлаа.
Аймгийн ЗДТГ-аас улсын чанартай спортын тэмцээн уралдаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж, орон нутагт зохион байгуулах боломжийг бүрдүүлснээр орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг сурталчлахын сацуу, хүүхэд залуучуудын спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэн, спортыг төрөл бүрээр хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, бодлогоор дэмжин ажиллаж байна.
Тус тэмцээн 2024.04.19-21 өдрүүдэд үргэлжилж улсын аваргуудаа тодруулна.
2024-04-20 11:27:14