“ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ - ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД" ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар хамтран аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмч, багийн бага эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 260 гаруй хүн оролцлоо. Аймгийн эрүүл мэндийн салбар нь 2023 онд эхийн эндэгдэлгүй, зонхилон тохиолдох өвчлөлийн нас баралт буурч, аймгийн хүн амын дундаж наслалт 72,6 хувьд болж, улсын дунджаас дээгүүр түвшинд байна. Мөн ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн орон нутгийн анхны өрхийн эрүүл мэндийн төвтэй болж, Зооноз өвчин судлалын төв улсын тэргүүний байгууллага болсон амжилтыг үзүүлсэн. Түүнчлэн “Монгол улсын гавьяат эмч” дөрвөөр нэмэгдэж, эмч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн сургах, чадавхжуулах үйл ажиллагаагаараа улсдаа манлайлж, орон нутагтаа сувилагчдыг бэлтгэдэг болсон юм. Мөн БОЭТ, Хархорин сумын НЭ нь орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, эмчилгээ оношилгоогоо нэмэгдүүлснээр иргэдэд үзүүлж буй нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг сайжруулж, дээд шатлалд зорих иргэдийн тоог бууруулж байна. Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр илтгэл тавьж, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шивааннүрдэв аймгийн “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”-ыг танилцууллаа.
2024-05-14 10:37:46