Өсвөрийн морин хуурын чуулгын анхны тоглолт амжилттай боллоо. Тоглолтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг үзэгч олонд сонордуулсан юм.
Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тоглолтод нь амжилт хүссэн мэндчилгээг бичлэгээр ирүүлснийг толилуулав. Тэрбээр, “Морин хуур бол монголчуудын оюуны, сэтгэлийн ертөнцийн эгшиглэсэн судар юм. Морин хуурыг эзэмшиж чадвал монгол хүн болсон гэсэн үг. Морин хуурт монгол хүний түүх, зан суртахуун, авьяас билиг, ухаан санаа бүгд шингэсэн байдаг. Энэ чуулгын хүүхэд бүр алдартай морин хуурч болох албагүй. Гэхдээ та бүхний ажил амьдрал, мэргэжил, бүх юманд чинь морин хуурын эгшиг тус болно” хэмээв.
Тоглолтоор нийт 14 бүтээл эгшиглүүлсний дотор түүний Монгол аялгуу, Бүлээн нурам, Мандухай сэцэн хатан зэрэг алдарт бүтээлүүд эгшиглэсэн юм.
Түүнчлэн аймгийн удирдлагууд тоглолтын нээлтэд оролцож, талархал дэвшүүлээд хувцас хэрэглэлд нь зориулж, орон нутгаас 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгааг мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч, аймгийн хэмжээнд морин хуур хөгжмийг өвлөн уламжлуулах ажлыг дэмжих төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхээр болжээ.
Аймгийн өсвөрийн морин хуурын чуулга 7 дугаар сарын 29,30-нд Улаанбаатар хотноо Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулах Монгол-Японы симпозиумын нээлтэд оролцохоор бэлтгэж байна.