Зуны тэргүүн сарын шинийн 18-ны билигт сайн өдөр аймгийн тахилгат Бага Богд уулыг тайж тахих ёслол боллоо. Аймгийн ИТХ-аас 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн хамгийн өндөр Бага Богд хайрхныг аймгийн тахилгат болгох тухай 24/04 тоот тогтоолыг баталсан.
Бага Богд нь Өвөрхангай аймгийн төвөөс 230 км зайд Баянхонгор аймгийн Богд, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутгийн заагт далайн түвшнээс дээш 3590 метрийн өндөрт оршдог, 59 мянган га талбайг эзлэн оршдог, байгалийн хосгүй өвөрмөц тогтоцтой, амьтан ургамлын арвин их төрөл зүйл, сан хөмрөгтэй хайрхан юм.
Тахилга тайлгын үеэр Монгол төрийн далбаа, Өвөрхангай аймгийн болон Богд, Баруунбаян-Улаан сумын тугийг үлээвэр найрал хөгжмийн эгшиг дор залж, азарга сэтэрлэх, сум тавих ёслол үйлдлээ. Мөн “Бага Богд хайрхны залбирал, даатгал”-ыг уншиж, торго, арц хүж үнэртэн зэргийг тулганд өргөн лам хуврагууд ном уншиж, эх орон, нутаг ус, иргэдийнхээ амар амгалан аж амьдралыг даатган гуйв.
Түүнчлэн тахилга тайлгын уламжлал ёсоор их нас, соёолон морины уралдаан, үндэсний сурын харваа, бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын 2021 онд 04/05 тоот тогтоолоор Бага Богд хайрхныг аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд 2023 онд аймгийн ИТХ-ын 18/03 тоот тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжилсан байна.