• Албан ёсны цахим хуудас
ЖДҮ хөгжүүлэх сангаас арван төслийг санхүүжүүлнэ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох “Төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо”-ны хурал болж байна.
2024 онд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл”-д хамрагдахаар аймгийн хэмжээнд 28 байгууллага төслөө ирүүлжээ.
Эдгээр төсөлд сонгон шалгаруулалт хийж, шалгарсан 10 байгууллага эрэмбийн дагуу өнөөдрийн хуралд төслөө танилцуулж байна.
Төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо нь Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/28 дугаар тушаалыг тус тус үндэслэн шалгаруулалтыг хийж байна.
2024 онд хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, хоршоодоос ирсэн төслийг дараах шалгуураар шалгаруулах юм.
Үүнд:
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хотоос орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж,
  • Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
  • Баяжуулсан болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
  • Инновацын бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
  • Хүнсний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж,
  • Сахрын агууламж багатай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж зэрэг шалгууруудыг хангасан төслийг шалгаруулна.

 

2024-06-13 15:36:11