Агаар мандлын ажиглалтыг 30км-ийн өндөр хүртэл хийж, байгалийн болзошгүй эрсдэл, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан сэргийлнэ
Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол улсад цаг агаарын ажиглалтын нэгдсэн системийг суурилуулах” төслийг 2023 онд эхлүүлсэн.
Тус төслийн хүрээнд Өвөрхангай аймагт Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аерологийн станцыг орчин үеийн шинэ технологитойгоор шинэчлэн байгуулж байгаа. Цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулж дэд бүтцийг сайжруулснаар цаг агаарын аюултай үзэгдлээс үүдэх эрсдэлийг бууруулах боломж бүрдэх юм.
Өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр уг төслийг хэрэгжүүлэгч Солонгос улсын мэргэжилтнүүд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд ажиллаж, агаар мандлыг судлах анхны туршилтыг хийлээ.
Энэхүү туршилтаар агаар мандлын ажиглалтыг 30км-ийн өндөр хүртэл хийж, байгалийн болзошгүй эрсдэл, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан судалж, тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрдэх ажээ.
2024-06-20 18:00:19