МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ИРГЭДИЙГ БҮРТГЭЛЖҮҮЛЖ, БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ 4,5 ХУВЬ БАЙХААР ТОГТООСОН
“Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Тус хуулиар иргэдийн сайн мэдэх ломбард болон байнга ашиг олох зорилгоор хувиараа хүүтэй мөнгө зээлдүүлдэг иргэдийн үйл ажиллагааг зохицуулж, “Мөнгөн зээлийн үйлчилгээ” нэршлийн дор хууль ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий “Бүртгэлийн гэрчилгээ” олгож байна.
Арвайхээр сумын хэмжээнд судалгаагаар 18 иргэн мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлж байгаагаас 7 иргэн бүртгүүлж, албан ёсоор үйл ажиллагаа явуулах “Бүртгэлийн гэрчилгээ”-гээ авчээ.
Үүнд:
- Б.Лхагвасүрэн 5-р багийн 203 байр 3-30 тоот,
- Б.Энхтуяа “Хадагтай” их дэлгүүрийн №3 тоот лангуу,
- Ч.Оюунжаргал Төв бараан зах “Style shop”,
- Ч.Чулуунжав “Хангамж худалдааны төв”-ийн 1 давхар №1 тоот лангуу,
- П.Мөнхбаатар “Хангамж худалдааны төв”-ийн 1 давхар №55 тоот лангуу,
- Т.Шоовдор Төв бараан зах “Оргилын ундраа төв”,
- Д.Батхуяг Төв бараан зах “Тэнгис худалдааны төв” тус тус “Мөнгөн зээлийн үйлчилгээ”- эрхлэхээр бүртгүүлсэн байна.
Иргэн, аж ахуйн нэгж нь “Мөнгөн зээлийн үйлчилгээ” эрхлэх эрхийн гэрчилгээгээ авалгүйгээр ашиг олох зорилгоор зээл олговол тухайн олгосон зээлийнхээ хүүг авах эрхээ алдаж, зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор хуульчилсан.
Өөрөөр хэлбэл хуулинд зааснаар “Иргэн, хуулийн этгээд нь бүртгүүлэхгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл бүртгүүлэхгүйгээр нэрэндээ “зээлийн үйлчилгээ”, “барьцаалан зээлдүүлэх газар” гэсэн тэмдэглэгээ, эсхүл түүнтэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
2024-06-26 11:45:21