МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЧИМЭДБАЗАРЫН ДАМДИНШАРАВТ "МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ЦОЛ ОЛГОЛОО
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмын босгон дээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншаравт МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цолыг өнөөдөр Төрийн ордонд олголоо.
Түүний тухай товч өгүүлэхэд, Ч.Дамдиншарав нь 1945 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төржээ. Эцэг эхээс наймуулаа бөгөөд дөрвөн хүү, дөрвөн охинтой өнөр өтгөн айлын хүүхэд юм.
Төрөлх сумандаа 7-р ангиа төгсөөд, 1960 онд Улаанбаатар хотод ирж, Худалдааны техникумд суралцсан байна. Суралцах хугацаандаа Монгол улсад шинэ тутам хөгжиж эхэлсэн чөлөөт бөхийн спортоор тууштай хичээллэн, улмаар МБАТСпартакиадаас мөнгөн медаль авсанаар амжилтын гараагаа эхлүүлж, улсын шигшээ багийн тамирчин болсноор их спортод анх хөл тавьсан түүхтэй.
Монгол улс 1962 онд ОУОХ-н гишүүн болж, 1964 онд Японы Токиод болсон олимпийн 18-р их наадамд анх удаа оролцоход Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд оролцож явсан анхдагчдын нэг юм.
Тэрбээр, 1968 онд Мексик улсын нийслэл Мехико хотноо болсон зуны 19-р олимпийн их наадмаас Монгол улсын олимпийн хамгийн анхны медалийг хүртэж, алтан соёмбот төрийн далбаагаа олимпийн тэнгэрт анх удаагаа мандуулсан байдаг.
1962 оноос 1972 он хүртэл тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд олон бахархам амжилт гарган барилдаж байсан.
1971 оноос Зэвсэгт хүчний “Алдар” нийгэмлэгт, 1978 оноос чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт нийт 20 гаруй жил ахлах дасгалжуулагчаар ажиллаж, шавь нар нь тив дэлхий олимпийн тэмцээнүүдээс олон арван медалиудыг хүртэж, эх орныхоо нэр алдрыг дэлхийн дэвжээнд дуурсгаж явсан байна.
Ч.Дамдиншарав чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа үндэсний бөхийн спортын олон шавь нар бэлтгэн гаргасны дотор МУ-ын Хөдөлмөрийн баатар дархан аварга Д.Цэрэнтогтох, МУ-ын аварга Д.Сумъяабазар, МУ-ын арслан Б.Ганбаатар, Д.Ганхуяг, Ц.Бямба-Отгон, МУ-ын заан Ардын багш, гавьяат тамирчин З.Дүвчин, МУ-ын заан Ё.Ишгэн, Д.Эрдэнэбат, Б.Сайнбаяр нарын нутаг усныхандаа бахархал болсон бөхчүүдийг дурдаж болно.
Түүний дасгалжуулж, бэлтгэсэн шавь нараас гавьяат тамирчид, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтан 100 орчим тамирчид төрөн гарсан байдаг.
Дашрамд сонирхуулахад Арвайхээр сумын 2, 7 дугаар багийн "Дэлгэрэх гарден" цэцэрлэгт хүрээлэнг Ч.Дамдиншаравын нэрэмжит "Олимп" цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар болсон билээ.
2024-07-08 13:05:15