• Албан ёсны цахим хуудас
ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ “АЛТАН СОЁМБО” ОДОН ГАРДУУЛЛАА
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн онцгой, хүндэт шагнал болох Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит “Алтан соёмбо” одонг өчигдөр /2024.07.09/ эрдэмтэн, судлаач Рагчаагийн Бямбаад гардууллаа.
 
Р.Бямбаа нь Польш улсын Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш бөгөөд тэрээр сүүлийн 20 гаруй жил Өндөр гэгээн Занабазарын судлалын чиглэлээр судалгаа, бүтээл туурвин, монголчуудад төдийгүй олон улсын хэмжээнд, тэр дундаа европын улс орнуудад түгээн дэлгэрүүлж буй судлаач хүн юм.
 
Тэрээр төвд хэлт бүтээлүүдэд судалгааны ажил хийн ном болгон хэвлүүлж, монголын лам нарын зохиол бүтээлүүдийг хэвлэн нийтэлж, Өндөр гэгээний ном зохиол, монголын 8-н богдын домогт номыг хэвлүүлжээ.
Эрдэм шинжилгээний цуврал бүтээлийн эхэнд Өндөр гэгээний зохиосон дөрвөлжин үсгийн бүтээлийн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл гаргасан. Мөн Өндөр гэгээний соёмбо үсгийн талаар олон лам нарын төвд хэлээр бичсэн тайлбарууд, цагаан толгой, соёмбын чойгур номын цуглуулга зэрэг бүтээлүүдийг хэвлүүлсэн байна.
 
Өвөрхангай аймаг нь 2011 оноос хойш Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит “Алтан соёмбо” одонг түүх, өв соёл, ёс уламжлалаа өвлөн хадгалж, хамгаалж, үр хойчдоо уламжлуулах зэрэг шинжлэх ухаан, соёл урлаг, нийгмийн салбарт өндөр амжилт гаргасан, бүтээл туурвисан хүмүүст жилд нэг удаа, нэг хүнд олгодог бөгөөд одон, үнэмлэх, нэг сая төгрөг дагалддаг юм.

 

2024-07-10 08:20:11