АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 2020-2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭ САЛБАРЫН САЙДДАА ТАНИЛЦУУЛЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа салбар газрын дарга нарын хамт 09 дүгээр 24-25-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, салбар нэгжүүдийн ажилтнуудтай уулзалт хийлээ.
Энэ үеэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Баясгалан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд салбартаа хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн талаар илтгэл мэдээлэл, тулгамдаж буй асуудлаа танилцуулав.
Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 2020-2024 оны хугацаанд:
- Ногоон байгууламжийн хэмжээг 85 га-аар нэмэгдүүлж, 216.8 га-д хүргэсэн.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 800 гаруй мянган мод бут тарьж, нийтийн эзэмшлийн талбайд 40 гаруй га цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг байгуулж, автозамын дагуу 2,5 км ойн зурвас байгуулсан.
- Шинээр мод үржүүлгийн 22 газартай болж, жилд 5,0 саяас доошгүй тарьц суулгац ургуулан, 2,0 сая орчмыг ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтэд өөрийн аймгийн хэрэгцээг 100% хангах боломжтой болсон.
- Ойн хөнөөлт шавжийн устгал тэмцлийн ажил 80,700 га талбайд хийгдэж улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 1,5 тэрбум орчим төгрөг зарцуулсан.
- 18 суманд нийт 95 булаг, шанд, рашааны эхийг хашиж хамгаалсан.
- Нарийнтээл сумын Их булаг хэмээх газарт хөв цөөрөм байгуулж, ашиглалтад оруулсан.
- Уст цэгийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж 243 гол горхи, 110 нуур тойром, 1027 булаг шанд 2478 худаг уст цэг бүртгэсэн.
- 2021-2023 онд нэн ховор, ховор амьтдад болох аргаль, янгир, халиун буга, бор гөрөөс зэрэг амьтдад биотехникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж, нийт 15 сумын 133 цэгт 4150 боодол өвс, 10.8 тонн хужир тавьж өгөх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүнтэй хамтран гүйцэтгэсэн.
- Хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги төлөвлөгөөг боловсруулан, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, батлуулсан.
- Улс, орон нутгийн төсвийн санхүүжилтээр 14 сум хоёрдогч түүхий эд пресслэх төхөөрөмжтэй болсон.
- Арвайхээр сумын төвлөрсөн хогийн цэгийн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж, 1.2 га талбайд нь 1500 орчим мод, бут, тэжээлийн ургамлыг тарьж ургуулсан.
- Аялал жуулчлалын “Торгоны зам-Хархорум хот”, “Монгол эсгий урлалын баяр”, “Сарлагийн баяр”, “Тэмээний баяр”, “Каракорум ice festival“ арга хэмжээнүүдийг уламжлал болгон зохион байгуулж, жилд 50 гаруй мянган жуулчин үзэж сонирхож байна.
- 2020-2023 онд ашигт малтмал олборлолтын улмаас эвдрэлд орсон 371.67 га газарт техникийн, 63.4 га газарт биологийн нөхөн сэргээлтийг үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдээр стандартын дагуу хийлгэж, талбайг актаар хүлээн авч ажилласан.
Г.Баясгалан дарга илтгэл мэдээллийн төгсөлд салбартаа тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Тухайлбал, Ногоон байгууламжийн тухай хуулийг яаралтай батлуулах, Арвайхээр сум дахь дулааны цахилгаан станцын барилгын тодорхойгүй шалтгаанаар зогсоод байгаа ажлыг үргэлжлүүлэх, мөн тус станцын барилгын шугам сүлжээний ажлыг шийдвэрлэх, салбарын хүний нөөц, орон тоо, цалин урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгааг уламжиллаа.
2024-09-27 17:08:54